logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    МТЗНХ: Тяньжин боомтод Монгол руу илгээх чингэлгүүд дунджаар 90-120 хоног гацаж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 23 15:56
    1102

    Зургийг: Billy H.C. Kwok/Bloomberg

    VIII сарын 19-ний байдлаар Тяньжин боомтод Монголын 5100 орчим чингэлэг байна

    БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол руу ачигдахаар хүлээгдэж буй чингэлэг наймдугаар сарын 19-ний байдлаар 5100 орчим байгааг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо мэдээлжээ. Энэ сарын 1-19-ний хооронд тус боомтоос Эрээн, Замын-Үүд чиглэлд нийт 26 галт тэрэг гарсан байна. Чингэлгүүд Тяньжинд хүргэгдсэнээс хойш дунджаар 90-120 хоногийн дараа Монгол руу ачигдаж байгаа аж. Импортын ачааны 50 хувийг Япон, БНСУ-аас оруулж ирж буй автомашинууд эзэлж байгааг салбарын холбооноос мэдээлсэн юм.

    Чингэлгийн бөөгнөрлийг багасгахын тулд яаралтай ачаануудыг эхлээд Улаанбаатар руу илгээж, үлдсэнийг нь боломжит гаалийн хяналтын бүсүүдэд буулгахаар ажиллаж байгааг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.Энхнасан хэллээ.

    Тус боомтод өнгөрсөн хавраас хойш чингэлгийн бөөгнөрөл үүсээд байгаа юм. Монгол руу гарч буй галт тэрэгний цувааны тоог бууруулсан, хуучин автомашины импорт нэмэгдсэн зэрэг нь бөөгнөрөл үүсэх шалтгаан болж байгааг албаны хүмүүс мэдээлж байв.

    Үүнээс гадна Монгол Улсын төмөр замын ачаа татан авах хүчин чадал, терминал, тээвэр логистикийн асуудал нөлөөлж буйг Монголын логистикийн холбооны Ерөнхийлөгч онцолж байсан юм. Тяньжинаас Улаанбаатарыг чиглэсэн тээвэр логистикийн асуудлыг бүрэн шийдэж байж энэ асуудлыг шийдэх боломжтой. Үүний тулд хөрш оронтойгоо сайн гэрээ хэлэлцээр хийж, хуурай боомт байгуулах шаардлагатайг тэрбээр тодотгож байна.

    “Чингэлгийн хүлээгдэх хугацаа уртассанаар тээврийн зардал өсөж байгаа. Үүнийг дагаад бараа,  бүтээгдэхүүний үнэ өсөж, улмаар инфляцын өсөлтийг өдөөх боломжтой. Энэ нөхцөл байдал богино хугацаандаа шийдэгдэхгүй, он дуустал үргэлжлэх төлөвтэй” гэж "Монложистик Ворлдвайд" компанийн Гүйцэтгэх захирал И.Цогбаяр "BloombergTV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа онцолж байлаа. 

    Cэтгэгдэл бичих