Зургийг: parliament.mn
УИХ-ын Төсвийн байнгын хороогоор 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
2024 оны төсвийн тодотголд төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт нийтдээ 1.1 их наяд төгрөгийн өөрчлөлт оруулсныг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцууллаа.
Хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн боловсруулсан 2024 оны төсвийн тодотголоор эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувь, инфляцыг нэг оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх мега төслүүдийг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилготойг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон. Тодруулбал,
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Хүрхрээн ам хүртэлх гүүрэн байгууламж, Улаанбаатар болон Хөшигийн хөндийг холбох туннелийн ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтэд 83.9 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгасан. Мөн Шинэ Хархорум хот төслийг эрчимжүүлэхэд 30 тэрбум төгрөг, Эрдэнэбүрэний УЦС-ын төсөлд 256.8 тэрбум төгрөгийг тус тус төлөвлөсөн байна.
Үүнээс гадна Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд 52.7 тэрбум төгрөг, Улаанбаатар, Дарханы чиглэлд нэмэлт хоёр эгнээ зам барих ажилд 131.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ. Гадаадын зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг нийт 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Эрчим хүчний тарифын шинэчлэл хийхэд салбарын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зардлыг энэ оны төсөвт нэмж оруулна.
Түүнчлэн Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санд энэ жилийн төсвөөс эх үүсвэр төвлөрүүлэхээр төсвийн тодотголд тусгасныг Сангийн сайд хэллээ.