
"Монгол Улс үндэсний зорилтот хувь нэмрээ биелүүлэхэд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэйгээс 13 хувийг нь босгоод байгаа"-г Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч З.Батжаргал мэдээллээ. Уур амьсгалын санд л гэхэд 20 гаруй төсөл боловсруулснаас бүгд батлагджээ. Энэхүү хөрөнгийн эх үүсвэрийг үр өгөөжтэй ашиглах нь чухал болохыг тодотгож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Олон хүндрэл, бэрхшээл байгаа ч хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тэмцлээ хэрхэвч сулруулж болохгүй, харин ч улам эрчимжүүлэх ёстой. Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх түвшинд онцгой анхааран ажиллаж байна. Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог ч дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг эзэлдэг. Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 20 жилд 65 хувиар өссөн. Энэ өсөлтөд эрчим хүч, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбар голлох нөлөө үзүүлсэн. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбаруудын үүрэг, оролцоог нарийвчлан тодорхойлж, засаглалыг сайжруулан, эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна" гэж онцоллоо.
Ирэх 11 дүгээр сард болох “COP-27” буюу НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй 50 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байгаа аж.
Энэ оны хурлын хувьд Африкт зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд голлон анхаарна гэж Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Аннака Петерсон онцоллоо.
Улс орнуудын Төрийн тэргүүн нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцох учир Монгол Улсын хувьд шинээр хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой юм байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч З.Батжаргал
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Аннака Петерсон
АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын Эрчим хүчний салбарын тэргүүлэх мэргэжилтэн Шаннон Коулин