
Зургийг: Gabby Jones/Bloomberg
Зохицуулагчид криптовалютуудад хатуу хяналт тавих болсонтой зэрэгцэн “PayPal” компани “Stable” буюу тогтвортой койн гаргах төслөө түр зогсоолоо.
Тус компани тогтвортой койны төсөл дээрээ “Paxos Trust” блокчэйн технологи хөгжүүлэгч компанитай хамтран ажиллаж байсан юм. “PayPal”-ийн хамтрагч компанийг Нью-Йоркийн санхүүгийн зохицуулагчид шалгаж магадгүй байгаа аж.
“PayPal” ам.доллароор баталгаажсан тогтвортой койноо ирэх долоо хоногуудад танилцуулахаар зорьж байв. Хэдий тийм боловч хамтрагч нь шалгагдаж магадгүй байгаагаас тус компани дижитал хөрөнгийн зах зээл дэх зохицуулалт тодорхой болох хүртэл ийнхүү тогтвортой койн гаргах төслөө хойшлуулжээ.
“Paxos” компани өмнө нь “Binance” крипто биржид өөрийн тогтвортой койноо хөгжүүлэхэд нь тусалж байсан аж. “Binance”-ийн BUSD нь дэлхий дээр гуравдагч хамгийн том тогтвортой койнд тооцогддог. “Paxos” мөн өөрийн “Pax Dollar” хэмээх тогтвортой койноо танилцуулж байсан юм. “PayPal” компанийн хувьд өнгөрсөн онд тогтвортой койн гаргахаар судалж эхэлснийг тухайн үед “Bloomberg” мэдээлж байв.