Зургийг: С.Батсайхан
"Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах бэлтгэл ажлыг хийж байгааг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо мэдэгдлээ. Энэ онд хувьцаагаа нийтэд нээлттэй санал болгох компаниудын буухиаг "Монголын цахилгаан холбоо” компани эхлүүлэх төлөвтэй байна.
Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны эцсээр "Монголын Хөрөнгийн бирж" хувьцаагаа нийтэд нээлттэй санал болгосноос хойш нийтэд нээлттэй болох анхны Төрийн өмчит компани болж магадгүй байгаа юм.
Одоогоор "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн 94.7 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Харин 5.3 хувийг нээлттэй арилжаалж байна. Мөн 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд нэг төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тарааж байсан юм.
"Монголын цахилгаан холбоо" компани интернэт, суурин утас, телевиз, хяналтын камер зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг. Цар тахлын нөхцөл байдал, чипийн хомсдол, инфляц зэрэг хүчин зүйлс тус компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсныг 2021 оны үйл ажиллагааны тайландаа дурджээ.
Энэ онд 34 хүртэлх хувиа нээлттэй санал болгох Төрийн өмчийн компаниудад “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, Мэдээлэл технологийн үндэсний парк болон авто зам арчлалтын компаниуд багтаж байгаа юм.