
Зургийг: Heon-Kyun Jeon/AFP
"Gucci" брэнд найман жилийн дараа анх удаа БНСУ-ын Сөүл хотноо загварын шоугаа зохион байгууллаа. Санхүүгийн хүндрэлтэй тулгараад буй тус брэндийг эзэмшдэг "Kering" компани БНСУ-ын соёлын өсөн нэмэгдсээр буй нөөц бололцоог ашиглаж, мөн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний хэрэглээгээр Азидаа тэргүүлдэг зах зээлд байр сууриа бэхжүүлэхийг зорьж байгаа аж.
Сөүл хотын эртний хаадын түүхт Кёнбоккун ордонд зохион байгуулагдсан шоунд Холливудын жүжигчин Саоирс Ронан, K-Pop одод уригдсаны зэрэгцээ “Oscar”-ийн шагнал хүртсэн "Parasite" киноны хөгжимд загвар өмсөгчид тайзнаа алхжээ.
"Morgan Stanley"-ийн тооцоогоор өнгөрсөн онд "Gucci"-ийн жижиглэн худалдааны борлуулалтын ес орчим хувийг өмнөд солонгосчууд бүрдүүлсэн аж.
Нэг хүнд ногдох дүнгээр 2022 онд дэлхийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний хамгийн том зах зээл болсон БНСУ нь том брэндүүдийн соронз болоод байна. Өнгөрсөн сард "LVMH"-ийн хамгийн том брэнд "Louis Vuitton" мөн л Сөүл хотноо загварын шоугаа зохион байгуулсан юм.
“Gucci” брэнд өнгөрсөн онд “Kering” компанийн үйл ажиллагааны ашгийн 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Хэдий тийм боловч энэ оны эхний улиралд тус компанийн ашиг хоёр хувиар өсөж, таван тэрбум евро хүрчээ. Энэ нь “Gucci” брэндийн Бүтээлч захирал асан Алессандро Микелегийн нэгэн хэвийн загвараас хэрэглэгчид уйдах болсны илрэл юм.
Харин “Hermes International” болон “LVMH” зэрэг өрсөлдөгч тансаг зэрэглэлийн компаниудын ашиг оны эхний улиралд 10-иас дээш хувиар өсжээ.
“Gucci” брэндийн шинэ Бүтээлч захирал Сабато де Сарно шинэ коллекцоо есдүгээр сард болох Миланы загварын долоо хоногийн үеэр танилцуулна. Тэрхүү коллекцт багтсан загварууд ирэх оны эхээр худалдаанд гарах аж.