
Худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 2015 оноос хойш 14.6 хувиар л нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2015 оноос хойш 96 хувиар, хонины махны үнэ 95 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Улаанбаатар хотын дөрвөн хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур амьдардаг гэж Азийн хөгжлийн банк мэдээлж байв. Эдгээр өрхүүд нь нийт орлогынхоо 43 хувийг хоол хүнсэндээ зарцуулдаг бол ядуурлын шугамаас дээш өрхүүд орлогынхоо 32 хувийг зарцуулдаг байна.
Наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 18.7 хувийн өсөлттэй байгаа юм. Өндөр инфляц, өсөн нэмэгдэж буй амьжиргааны зардал нь бага орлоготой өрхүүдэд асар хүндээр тусаж байгааг Азийн хөгжлийн банк онцолж байна.
Статистик мэдээллээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн хамгийн их буюу 22.8 хувийг 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай иргэд эзэлж байна. Ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэхэд цалин хөлс чухал үүрэгтэй.
2021 оны байдлаар Монгол Улс ажиллах хүчний оролцоогоороо Зүүн Азид хамгийн доогуур үзүүлэлттэй байсан юм. Төв Азийн орнуудаас 2021 онд Казахстанд ажиллах хүчний оролцоо 69.3 хувьтай байсан бол Монгол Улсад 56.3 хувьтай байв.
Хөдөлмөрийн яамны мэдээллээс харахад ажиллах хүчний оролцооны түвшин 2017 оноос хойш зогсолтгүй буурсан үзүүлэлттэй байна.