
Зургийг: Luke Sharrett/Bloomberg
Эдийн засаг уналтад орох эрсдэл, банкны салбар дахь хямралтай холбоотойгоор “Goldman Sachs” газрын тосны үнийн төсөөллөө буурууллаа.
Шинжээчид ирэх 12 сард брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 94 ам.доллар хүрэх бол 2024 оны хоёрдугаар хагаст 97 ам.доллар болно гэж тооцоолжээ. Өмнө нь газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байсан юм.
БНХАУ хилээ нээснээр эрэлт нэмэгдсэн ч банкны салбар хямралд орж, эдийн засаг уналтад орно гэсэн болгоомжлол нэмэгдсэнээр газрын тосны үнэ унаж байгааг шинжээчид онцолж байна. Өмнөх туршлагаас харвал иймэрхүү нөхцөл байдлын дараа таваарын үнэ аажмаар сэргэдгийг мэдэгдэлд дурджээ.
“Credit Suisse” банктай холбоотой нөхцөл байдлын улмаас сүүлийн долоо хоногт дэлхийн таваарын зах зээл хэлбэлзэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнэ сүүлийн 15 сарын доод цэгт хүрчээ. Тухайлбал: брент төрлийн газрын тосны үнэ 12 хувиар буурч, баррель нь 73 ам.доллароос доогуур түвшинд ирсэн юм.
Үнийн уналтын улмаас OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн орнууд энэ оны хоёрдугаар хагаст биш, 2024 оны III улирлаас л үйлдвэрлэлийн гарцаа өсгөнө гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид тооцоолж байна.