
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Цар тахлын үед гарсан өөрчлөлтийн улмаас БНХАУ-ын хэрэглэгчид тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн дотоодоосоо голлон худалдан авч байгааг “Sandalwood Advisors”-ийн судалгаа харууллаа.
Дөрөвдүгээр сарын байдлаар БНХАУ-ын хэрэглэгчдийн тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний зарцуулалтын 62 хувийг дотоод дахь худалдан авалт бүрдүүлжээ. 2019 оны мөн үед энэ үзүүлэлт ердөө 41 хувь байсан аж.
БНХАУ-ын жуулчид аажмаар гадаад руу аялж эхэлж байгаа ч тэдний гадаад дахь худалдан авалт оргил үедээ эргэн очих төлөвгүй байгааг “Bloomberg”-ийн шинжээчид мэдээллээ.
Дэлхий даяар үнийн өсөлт эрчимжиж буй энэ үед Эх газрын Хятадад тансаг ангиллын бараа, бүтээгдэхүүний төрөл, сонголт нэмэгдээд байгаа аж. Энэ нь БНХАУ-ын худалдан авагчдын гадаадад аялах сонирхолд сөргөөр нөлөөлж байна.
Цар тахлын өмнө БНХАУ дэлхийн жуулчдын дийлэнх хувийг бүрдүүлдэг байв. Тухайлбал: БНХАУ-ын хэрэглэгчид тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний худалдан авалтынхаа 70 хувийг гадаадын орнуудад хийдэг учир Италиас Тайланд хүртэлх аялал жуулчлалын бүсүүд БНХАУ-ынын жуулчдыг эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байсан юм.
БНХАУ-д тансаг ангиллын бараа, бүтээгдэхүүн худалдан авахад илүү хялбар, тав тухтай болсон учир зарцуулалтын дийлэнх хувь нь дотоодын зах зээлд нь шингэнэ гэж “Euromonitor International” зах зээлийн судалгааны байгууллага мэдээлжээ.
Энэ утгаараа хятад худалдан авагчдын дунд алдартай Азийн хотууд дахь тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт цар тахлын өмнөх үеийн түвшинд эргэн хүртэл илүү урт хугацаа шаардлагатайг “Luxurynsight” онцолж байна.