
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
2022 онд “Mercedes-Benz” автомашинуудынхаа үнийг 2019 оны түвшнээс 43 хувиар нэмснээр тус брэндийн автомашины үнэ дунджаар 76 мянган ам.доллар хүрлээ.
Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч тус компани ашгаа нэмэгдүүлэхийн тулд цаашид илүү үнэтэй, "S" ангиллын загваруудад төвлөрөхөө илэрхийлээд байна. Ингэснээр хамгийн чинээлэг эрхмүүдээс бусад хэрэглэгчдийн хувьд “Mercedes-Benz”-ийн автомашин худалдан авах нь холын мөрөөдөл болж байгааг шинжээчид онцоллоо.
Өнгөрсөн онд “Mercedes-Benz” боломжийн үнэтэйд тооцогддог "A" ангиллын загваруудынхаа үнийг ч нэмсэн юм.
Сүүлийн жилүүдэд “Mercedes-Benz” брэндээс гадна дэлхий даяарх ихэнх автомашин үйлдвэрлэгчид цөөн тооны, илүү үнэтэй загваруудыг түлхүү борлуулах бодлого баримталж байна. Тухайлбал: өнгөрсөн оны байдлаар АНУ-д шинэ автомашины зээлийн сар бүр төлөх төлбөрийн хэмжээ 2019 оны сүүл үеэс хойш бараг хоёр дахин өсжээ.
Түүнчлэн цахилгаан автомашинууд уламжлалт хөдөлгүүрт автомашинуудаас илүү үнэтэй байх хандлага ажиглагдаж байгаа нь хэрэглэгчдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна.