
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Борлуулалт нь шинжээчдийн таамгийг давсантай зэрэгцэн “Baidu” компани таван тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа эргүүлэн худалдан авахаа зарлалаа.
2022 оны IV улиралд “Baidu”-ийн борлуулалт тогтвортой өсөж, 4.8 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 4.6 тэрбум ам.долларын орлогын төсөөллийг давсан үзүүлэлт боллоо. Мөн тайлант хугацаанд тус компанийн цэвэр ашиг гурав дахин өсөж, 723.7 сая ам.доллар хүрчээ.
Орлогын тайлангаа танилцуулсны дараа пүрэв гарагт “Baidu”-ийн хувьцааны ханш 3.6 хувиар унасан байна. Энэ нь “Baidu”-ийн хувьцааны ханш 2023 он гарсаар 22 хувиар өссөн учир хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж, ашиг олохоор зорьж буйтай холбоотой аж.
“Baidu” хиймэл оюуны чиглэлд “ChatGPT”-тэй өрсөлдөх “Ernie Bot” нэртэй хайлтын үйлчилгээгээ ирэх гуравдугаар сард танилцуулах товтой байна. БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдээс авхуулаад, мэдээний сайтууд ч “Baidu”-ийн хөгжүүлж буй хайлтын системийг бизнестээ нэвтрүүлэхээ илэрхийлжээ.
Тус компани “Ernie Bot”-ийг автомашины программ хангамж, үүлэн технологи, ухаалаг төхөөрөмж гээд бүх төрлийн бизнесийнхээ гол цөм болгохоор төлөвлөж буйг “Baidu”-ийн Үүсгэн байгуулагч Робин Ли мэдэгдсэн байна. Тэрбээр хиймэл оюун ухааны технологийн хөгжүүлэлт олон салбарын хувьд эргэлтийн цэг болно гэж үзэж байгаа юм.