
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын зах зээлд өсөлт тааруу байгаагаас “Alibaba” үйл ажиллагааны зардлаа эрчимтэй танахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн оны IV улиралд тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 69 хувиар өсөж, 6.8 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт боллоо. Хэдий тийм боловч орлого нь 2.1 хувиар өсөж, 247 тэрбум юань болжээ.
Борлуулалтын өсөлт тааруу байгаа нь БНХАУ цар тахлын хязгаарлалтаа цуцалсан ч эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгааг харуулж байна. “Alibaba” компанийн БНХАУ дахь интернэт худалдааны бизнесийн орлого өнгөрсөн улиралд нэг хувиар буурсан бол өсөлтөөрөө тэргүүлдэг үүлэн технологийн бизнесийнх нь орлого ердөө гурван хувиар өсжээ.
Бээжин сүүлийн хоёр жилд БНХАУ-ын технологийн салбарт хатуу зохицуулалт явуулснаар “Alibaba” бизнесийн загвартаа үндэс суурьтай өөрчлөлт оруулахад хүрсэн байна. Мөн "JD.com", “PDD”, “ByteDance” зэрэг дотоодын компаниудын өрсөлдөөн ширүүссэн нь “Alibaba”-ийн хувьд хүндхэн сорилт болж байна. Ингэснээр нэгэн цагт БНХАУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй компанид тооцогдож байсан “Alibaba” үйлчилгээний компани болох эрсдэлтэй нүүр тулаад байгаа юм. Дээр нь хөрөнгө оруулагчид БНХАУ-д хэрэглэгчдийн худалдан авалт харьцангуй удаан сэргэнэ гэж үзэж байна.
Ирэх 10 сард “JD.com" болон “ByteDance”-ийн “Douyin” платформ илүү их хөнгөлөлт зарласан тохиолдолд “Alibaba”-ийн интернэт худалдааны бизнесийн орлого буурч магадгүй байгааг шинжээчид анхааруулжээ.