
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Зимбабве улс анхны дижитал валютын арилжаагаа баталгаажуулахаар алтны нөөцөөсөө 140 кг орчим үнэт металлыг ашиглалаа.
Эхний ээлжийн дуудлага худалдаагаар Зимбабве улсын Төв банк алтаар баталгаажсан дижитал токеныг худалдан авах 12 сая ам.доллартой тэнцэх, 135 захиалга хүлээн авсан байна. Дараагийн дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулахаар болжээ.
Тус улсад дотоодын мөнгөн тэмдэгтийнх нь ханш унаж, ам.долларын эрэлт өссөний улмаас ийнхүү дижитал токеныг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорих болсон аж. Харин үүнд Олон Улсын Валютын Сан шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тодруулбал: Зимбабве улсын Засгийн газрыг гадаад валютын ханшийг чөлөөлөх замаар албан нөөцөө хамгаалахыг зөвлөж байна.
Энэ онд Зимбабве улсын долларын ханш ам.долларын эсрэг 40 гаруй хувиар суларчээ. Ханшийн уналтын тогтворжуулах хүрээнд тус улсын Төв банк дижитал токен танилцуулахаасаа өмнө алтан зоосыг гүйлгээнд нэвтрүүлж байсан юм.
Эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан Зимбабве улсын Төв банк бодлогын хүүгээ 140 хувь хүргэсэн аж. Ингэснээр олон улс дахь Төв банкнууд дундаас бодлогын хүүгээ хамгийн өндөр түвшинд хүргэсэн Төв банк болсон юм.
Цаашид ханшийн уналт, инфляцыг харгалзан богино хугацаатай зээлийн хүүг өгсөж магадгүйг тус улсын зохицуулагчид анхааруулж байна.