
Удахгүй хавар болж аялал жуулчлалын улирал эхлэхээс гадна БНХАУ цар тахлын сүүлийн хязгаарлалтуудаа сулруулж буй энэ үед дэлхий даяар агаарын хөлгийн хомсдолд орох эрсдэл үүсжээ.
“United Airlines”, “Air India” зэрэг агаарын тээврийн компаниудын захиалахаар төлөвлөж буй онгоцны тоо хэдэн зуугаар хэмжигдэж байгаа тул “Boeing”, “Airbus” компаниуд асар өндөр дүнтэй хэлцлүүд хийхээр бэлтгэж эхэлсэн байна.
Хэдий тийм боловч нийлүүлэлтийн сүлжээний доголдлын нөлөөгөөр захиалгат онгоцнуудыг нийлүүлэх хүртэл нэлээд хэдэн жил шаардагдахаар байгаа аж. Тухайлбал: одоогоор нийт 12 мянга 720 агаарын хөлгийн захиалга хүлээгдэж байгааг “Jefferies” компанийн тооцоололд дурджээ. Энэ нь сүүлийн хэдэн сард хэрэглэгчдээс гомдол дагуулж буй тэнгэрт тулсан тийзийн үнэ урт хугацаанд хэвээр хадгалагдана гэсэн үг юм.
“Цар тахлын үеэр хүмүүс тийзийн хямд үнэд дасаад байсан ч БНХАУ хилээ нээж байгаатай холбоотойгоор нөхцөл байдал хүндрэхээр байна. Зөвхөн агаарын хөлгийн хомсдол бус газрын тосны үнэ гээд бусад олон хүчин зүйлс асуудал дагуулж байна” хэмээн агаарын тээврийн зууч “LiveFromALounge.com” веб сайтын үүсгэн байгуулагч Ажаи Автаней онцоллоо.
Зорчигч тээврийн хөлөг нийлүүлэлтэд зэрэгцэн ноёлдог “Boeing”, “Airbus” компаниудын хоёр эгнээ суудал бүхий онгоцны захиалга 2029 он хүртэл дүүрээд байгаа аж.
Энэ сарын эхээр “Airbus” компани нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас шалтгаалан 2022 онд 700 онгоц нийлүүлэх зорилтоо буцаасан бөгөөд эрчим хүчний үнийн өсөлт нь онгоцны их биеийн металлын үйлдвэрлэл зэрэг эрчим хүч ихээр шаарддаг салбаруудад хүндхэн тусахаар байгааг анхааруулсан юм.