
Зургийг: Linh Pham/Bloomberg
Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Vinfast” хөгжүүлэлтийн зорилготой компанитай нэгдэн, АНУ-ын биржид бүртгүүлэхээр төлөвлөснөө зарлалаа. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 23 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
Дээрх мэдээлэл гарсны дараа Хо Ши Минийн биржид даваа гарагийн арилжаагаар “Vinfast”-ийн толгой компани “Vingroup”-ийн хувьцааны ханш 6.2 хувиар өсжээ.
Одоогийн зах зээлийн үнэлгээг нь харвал “Vinfast” АНУ-ын биржид бүртгүүлсэн Вьетнамын хамгийн өндөр үнэлгээтэй компани болохоор байна. Өр зээлийг давхар тооцоолбол “Vinfast”-ийн үнэлгээ 27 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг толгой компани нь мэдээллээ.
Хонгконгт төвтэй “Black Spade Acquisition” компанитай нэгдэх үйл явц энэ оны хоёрдугаар хагаст эцэслэгдэхээр байгаа аж. “Vinfast”-ийн өөрийн тооцоолсон зах зээлийн үнэлгээ “Rivian”, “Nikola”, “Nio”, “BYD” зэрэг бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгчдээс өндөр буйг “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид онцолж байна.
Анх 2021 онд “Bloomberg News” Вьетнамын “Vinfast” компани АНУ-д IPO хийж, хоёр тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлж байсан юм.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Vinfast”-ийн толгой компани “Vingroup”-ийн үүсгэн байгуулагч Фам Нхат Вуонгийн хөрөнгө 3.9 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.