
Олон улсад шатахууны үнэ өсөж, Бээжин эрчим хүчний аюулгүй байдлыг чухалчилснаар БНХАУ-ын газрын тосны томоохон компаниудын ашиг өнгөрсөн онд эрс өссөн байна.
Газрын тос, байгалийн хийн олборлолтоор БНХАУ-д тэргүүлэгч “PetroChina” компанийн цэвэр ашиг 2022 онд 68 хувиар өсжээ. Мөн Төрийн өмчит “China National Offshore Oil” компанийн ашиг хоёр дахин өссөн байна.
Түүнчлэн 2022 онд БНХАУ-д шатах түлшний үйлдвэрлэл огцом өссөн нь ОХУ Украинд халдсанаар дэлхийн зах зээлд эрчим хүчний үнэ тэнгэрт тулж, нийлүүлэлт буурсантай холбоотой аж.
Олон улсад үнэ өссөн нь дотоодод эрэлт тааруу байхаас үл хамааран БНХАУ-ын газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгчдийн ашиг ийнхүү өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
Аравдугаар сард БНХАУ-д шатах түлшний борлуулалтаар тэргүүлэгч “PetroChina”, “Sinopec” компаниуд эрэлт сэргэх төлөвтэй байгаа учир боловсруулах үйлдвэрүүдийн гарцыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байсан юм.
“China National Offshore Oil” компанийн хувьд Бээжингээс эрчим хүчний аюулгүй байдалд анхаарч, эдийн засгийг сэргээх бодлого баримталж байгаатай холбогдуулан 2023 онд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээ мэдээлээд байна.