logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, 5-5.25 хувьд хүргэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 04 09:50
    197

    Зургийг: Al Drago/Bloomberg

    Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 2007 оноос хойших дээд түвшинд хүргэлээ

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөж, 5-5.25 хувьд хүргэлээ. Ингэснээр бодлогын хүү 2007 оноос хойших дээд түвшинд хүрч байна. Өнгөрсөн оны эхээр бодлогын хүү бараг 0 түвшинд байсан юм.

    Ийнхүү Холбооны Нөөцийн банк өнгөрсөн оны эхэн үеэс хойш 10 дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөөд байна. Тус банк бодлогын хүүгээ өсгөснийхөө дараа 1980 оноос хойших хамгийн эрчимтэй бодлогын хүүг өсгөх арга хэмжээг цэслэх дохио өглөө. Холбооны нээлттэй зах зээлийн хороо лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ "Мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа удахгүй гарах дата мэдээллийг анхааралтай ажиглах"-ыг онцолжээ. Гуравдугаар сард хийсэн мэдэгдэлдээ "Мөнгөний бодлогыг нэмэлтээр дахин чангатгах нь зохимжтой байж магадгүй" гэж дурдаж байсан юм.

    RATE-INFLATION-GFX.JPG

    Харин сүүлийн мэдэгдэлдээ "Мөнгөний бодлогыг дахин хатууруулах эсэхийг тодорхойлоход хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзэх"-ийг тодотгосон байна. Тухайлбал: Жером Пауэлл "Бодлогын хүү инфляцыг Холбооны Нөөцийн банкны зорилтот түвшин болох хоёр хувьд эргүүлэн авчрахад хангалттай эсэхийг үргэлжлүүлэн үнэлэх хэрэгтэй" гэж мэдэгдэв. Мөн тэрбээр Холбооны Нөөцийн банкны инфляцын төсөөлөл бодлогын хүүг бууруулах болоогүйг харуулж байгааг онцоллоо.

    Сүүлийн нэг жилийн хугацаанд Холбооны Нөөцийн банк инфляцтай тэмцэхээр бодлогын хүүг хурдацтай өсгөсөн нь санхүүгийн институтүүдэд дарамт учруулж, 2008 оноос хойших хамгийн өргөн хүрээний банкны салбарын хямралыг өдөөсөн аж.

    Жером Пауэлл мэдэгдэлдээ "Банкнуудын нөхцөл байдал гуравдугаар сараас хойш харьцангуй сайжраад байгаа"-г онцоллоо. Хэдий тийм боловч банкнуудад ирэх дарамт айл, өрхүүд болон бизнесүүдэд олгох зээлийн нөхцөлийг чангатгасныг хүлээн зөвшөөрсөн байна.

    Мөн тэрбээр АНУ-ын эдийн засаг бага зэрэг уналтад орох магадлалтайг анхаарууллаа. Гэхдээ эдийн засаг уналтад орохоос сэргийлэх магадлал харьцангуй өндөр буйг тодотгов.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл

    “Мөнгөний бодлогын хороо инфляц тийм ч хурдацтай саарахгүй гэж үзэж байна. Тодорхой хугацаа шаардана. Хэрвээ энэхүү таамаглал үнэн зөв байсан тохиолдолд бодлогын хүүг бууруулах нь зохимжгүй учир бид бодлогын хүүг бууруулахгүй. Яах вэ өөр төсөөлөл байгаа л даа. Зах зээл заримдаа инфляцыг харьцангуй хурдтай саарна гэж таамаглаж байсан. Хэдий тийм боловч энэ бол бидний төсөөлөл биш. Сүүлийн хоёр жилийн туршлагаас харвал инфляц удаанаар саарч байна. Ялангуяа орон сууцыг оруулаагүй үйлчилгээний үнээс үүнийг харж болно. Нэг их өөрчлөгдөөгүй, тогтвортой байгаа. Тэгэхээр ахиц гарч эхлэхийн тулд эрэлт буурч, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал зөөлрөх хэрэгтэй. Ийм нөхцөл байдалд бодлогын хүүг бууруулах нь зохимжгүй” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих