
“Nomura Holdings” БНХАУ-ын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө 5.1 хувиас 4.3 хувь болгон бууруулаа.
Мөн өнгөрсөн долоо хоногийн эхээр “Goldman Sachs” БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 2023 оны өсөлтийн төсөөллөө 5.3 хувиас бууруулан 4.5 хувь болгосон юм.
“Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын медиан төсөөллөөр БНХАУ-ын эдийн засаг ирэх онд 5.1 хувиар тэлнэ гэж үзэж байна. Өмнөх төсөөлөлд 5.2 хувийн өсөлт үзүүлнэ гэж тооцоолж байжээ. Энэ оны өсөлтийн төсөөллийг бол 3.2 хувиас 3.1 хувь болгоод байгаа юм.
2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл маш тодорхойгүй байгааг “Nomura Holdings”-ийн шинжээчид онцолж байна. Ирэх оны гуравдугаар сард хязгаарлалтаа сулруулсан ч COVID-19-ийн халдварын тархалт эрчимжвэл бизнесүүдийг дахин нээх явц удааширч, бизнесийн идэвхжил сулрахыг тодотголоо.
Мөн цар тахлын тодорхойгүй байдлаас гадна үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байгаа аж.
Түүнчлэн БНХАУ COVID-19-ийг үл тэвчих бодлогоо наад тал нь 2023 оны эхний улирал хүртэл үргэлжлүүлнэ гэж “Goldman Sachs” үзэж байгаа юм.