
“Coinbase Global” компани Япон улсад үйл ажиллагаагаа зогсоолоо. Үүнээс сар гаруйн өмнө крипто арилжааны “Kraken” бирж мөн л Японы зах зээлийг орхисон юм.
Хэрэглэгчид хоёрдугаар сарын 16-ныг хүртэл крипто хөрөнгөө эргүүлэн татах боломжтой бөгөөд үүнээс хойш биржид үлдсэн криптог иен рүү хөрвүүлж, баталгаат данс руу шилжүүлэх юм байна.
Зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан талаар “Coinbase” мэдэгдэлдээ дурдсан байна. Үүнээс өмнө тус компани нийт ажилтнуудынхаа 20 хувийг цомхотгохоо зарласан юм.
Япон улс крипто арилжаатай холбоотой зарим хууль дүрмээ саяхан сулруулсан хэдий ч “Coinbase” тус улсын зах зээлийг орхихоор шийдсэн нь анхаарал татаж байна. Тус компанийн гол өрсөлдөгч болох “Binance” Япон улс зохицуулалтаа сулруулсны дараа дотоодын жижиг биржийг худалдан авч, тус улсын зах зээлд эргэн иржээ.
“Coinbase” анх 2021 онд “Mitsubishi Ufj” компанитай хамтран Японд крипто биржээ байгуулж байсан юм.