
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар БНХАУ эдийн засгаа дэмжих шинэ багц арга хэмжээ танилцуулаагүйгээс төмрийн хүдэр, зэс зэрэг таваарын үнэ унаад байна.
Түүнчлэн эдийн засгийн өсөлтөө энэ онд таван хувьд хүргэх зорилт шинжээчдийн таамгаас доогуур байсан юм. Мөн үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарыг дэмжих томоохон арга хэмжээ зарлаагүй нь металлын үнийн уналтад нөлөөлж байна.
Даваа гарагт Сингапурын биржид төмрийн хүдрийн үнэ 3.2 хувиар унаж, тонн нь 121 ам.доллар болжээ. Энэ нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх эмх замбараагүй өсөлтөд анхаарал хандуулна гэж мэдэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.8 хувиар буурч, тонн нь 8915 ам.доллар болоод байгаа аж. Мөн цайрын үнэ 1.4 хувиар, хөнгөн цагааны үнэ 0.3 хувиар унажээ.
Таваарын үнээс гадна төмрийн хүдэр олборлогч “BHP”, “Rio Tinto” зэрэг компаниудын хувьцааны ханш мөн унаад байна.