
Зургийг: Greg Baker/AFP/Getty Images
“TikTok”-ийг эзэмшдэг “ByteDance”-ийн ашиг 2022 онд дээд түвшинд хүрч, БНХАУ-ын технологийн томоохон компаниуд болох “Alibaba” болон “Tencent Holdings”-ийг анх удаа ардаа орхилоо.
Тайлант хугацаанд тус компанийн татварын өмнөх ашиг 79 хувиар өсөж, 25 тэрбум ам.доллар хүрснийг “Financial Times” мэдээлэв.
Үүнтэй харьцуулахад 2022 онд “Tencent Holdings” компани 23.9 тэрбум ам.доллар, “Alibaba” 22.7 тэрбум ам.долларын ашигтай ажилласныг “Bloomberg”-ийн дата мэдээлэл харуулж байна.
2022 онд “ByteDance”-ийн орлого 30 хувиар өсөж, 80 тэрбум ам.доллар хүрсэн гэж өнгөрсөн долоо хоногт “Bloomberg” мэдээлсэн юм. Энэ нь тус компанийн гол өрсөлдөгч “Tencent Holdings”-ийн орлоготой адил дүн болж байна.
"ByteDance" компанийн ашгийн өсөлт 2022 онд хоёр оронтой тоонд хүрсэн нь "Meta", "Amazon" зэрэг дэлхийн интернет салбарын аварга компаниудын дунд тэргүүлэх үзүүлэлт юм. Энэ нь Вашингтон "TikTok" аппликейшнийг хориглохоор заналхийлж, дэлхий даяарх Засгийн газрууд албаны төхөөрөмж дээр тус платформыг ашиглахыг хязгаарлаж буй энэ үед "ByteDance" компанийн бизнес тэсвэртэй байгааг харуулж байна.
"TikTok" платформ дээрх АНУ-ын сарын бүрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 150 сая даваад байгаа аж. Энэ нь БНХАУ хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулна гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байгаа юм. "ByteDance" компанийн орлогын дийлэнх хувийг "Douyin" богино видео контентын платформ бүрдүүлсэн хэвээр байна.