
Зургийг: Gabby Jones/Bloomberg
Өнгөрсөн долоо хоногт “Airbnb” хүний нөөцийн ажилтнуудынхаа 30 хувийг цомхотгосон байна. Тус компани энэ онд ажиллах хүчнийхээ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ч ийнхүү нийт ажлын байрны 0.4 хувийг цомхотгожээ.
“Airbnb” эдийн засаг удааширсантай холбогдуулан өргөн хүрээг хамарсан цомхотгол явуулаагүй цөөн хэдэн технологийн компанийн нэг болоод байсан юм. Цар тахлын дараа эрэлт эрчимжсэний ачаар эдийн засгийн хямралыг аяллын компаниуд харьцангуй тогтвортой давж байна.
Цар тахлын эхэн үед тус компани ажиллах хүчнийхээ 25 хувийг цомхотгохоор шийдвэрлэж байсан юм.
Харин өнгөрсөн онд тус компани ажилтнуудынхаа тоо 11 хувиар өсгөжээ. Түүнчлэн энэ онд нийт ажиллах хүчний тоог 2-4 хувиар өсгөхөөр төлөвлөж буйг “Airbnb” компанийн Гүйцэтгэх захирал Брайан Чески мэдэгдэж байв.
Тэрбээр хэрэглэгчдийн аялах хүсэл эрмэлзэл өндөр байгаа учир эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал компанийн бизнест нөлөөлөхгүй гэж мэдээлж байсан юм. 2022 онд "Airbnb" компанийн бүтэн жилийн тайлан анх удаа ашигтай гарсан байна.