
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Өнгөрсөн улиралд БНСУ-д шинээр барилга барих хэлцэл дээд хэмжээгээр буурлаа. Инфляц эрчимжсэнээр барилгын өртөг нэмэгдэж, бодлогын хүү өссөнтэй зэрэгцээд үл хөдлөх хөрөнгийн эрэлт саарсан нь үүнд голлон нөлөөлж байна.
Шинээр барилга барих хэлцлийн нийт үнэлгээ өмнөх оны мөн үеэс 18.4 хувиар буурч, 51 тэрбум ам.доллар болсныг БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам мэдээллээ. Энэ нь 2015 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлт болж байна.
Барилгын салбарын үйл ажиллагаа саарсан нь БНСУ-ын эдийн засгийн өсөлтийг хойш татаж магадгүй байна. Экспортоос гадна барилгын салбарын хөрөнгө оруулалт буурсан нь өнгөрсөн улиралд тус улсын эдийн засаг агшихад гол жин даржээ.
Энэ онд барилгын хөрөнгө оруулалт буурах төлөвтэй байгааг харгалзан БНСУ-ын Төв банк энэ сард дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөллөө бууруулсан байна. Бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдаж, борлуулагдаагүй шинэ орон сууцны тоо нэмэгдэж байгаагаас тус улсын барилгын компаниудад өрөө төлөхөд хүндрэл учирч магадгүй байгаа аж.