
Зургийг: Shutterstock
2022 онд таваарын арилжаачдын ашгийн маржин дээд түвшинд хүрч, 115 тэрбум ам.доллар давсан гэж “Oliver Wyman” фирмийн шинжээчид үзэж байна.
Арилжаа явуулагч компаниудын бүтэн жилийн тайлангийн нэгтгэлээр энэхүү тооцоолол батлагдвал таваарын арилжаачдын ашгийн маржин 2022 онд өмнөх оноос 61 хувиар өссөн гэсэн үг аж.
Украины дайн эхэлсний дараа эрчим хүч, металл, үр тариа гээд бүх төрлийн таваарын үнэ дээд цэгт хүрсэн юм. Үнийн хэлбэлзэл, хоригууд, экспортын хязгаарлалт нь арилжааны компаниудад томоохон боломж болсон гэж шинжээчид үзэж байна.
2018 онд таваарын арилжааны салбарын орлого гурав дахин өсөж, 36 тэрбум ам.доллар хүрсэн гэсэн тооцоо байдаг. Өнгөрсөн онд бие даасан арилжааны компаниудын ашгийн маржин огцом өссөн гэж таамаглаж байгаа аж.
“Oliver Wyman” зөвлөгч байгууллага 2022 оны таваарын зах зээлийн судалгааг гаргахдаа анх удаа хедж сангуудын ашгийн статистикийг тусад нь бүлэглэсэн. 2010-2011 онд хедж сангууд таваарын арилжааг орхиод байсан ч сүүлийн гурван жилд нөөц бололцоогоо ашиглан таваарын зах зээлд амжилттайгаар эргэн ирснийг тайланд онцолжээ.
Тус байгууллагын судалгаагаар өнгөрсөн онд бие даасан арилжаачид таваарын зэх зээлээс 40.5 тэрбум ам.долларын ашиг олсон бол банкнууд 18 тэрбум ам.долларын ашиг олсон гэж тооцоолсон байна.