
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
ОХУ болон Монгол Улсын нийлүүлэлт нэмэгдсэнээр энэ онд БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 30 сая тонноор өсөх төлөвтэй байгааг “SXCoal” мэдээллээ.
Мөн БНХАУ-ын дотоод дахь коксжих нүүрсний үйлдвэрлэл 10-12 сая тонноор өсөх төлөвтэй байгаа аж. Ингэснээр энэ онд нийт коксжих нүүрсний нийлүүлэлт 40-42 сая тонн хүрэхээр байна.
Дотоод болон гадаадын нийлүүлэлт өндөр байгаа нь энэ оны туршид коксжих нүүрсний үнийг хязгаарлана гэж зарим шинжээчид үзэж байгаа аж. Үүний зэрэгцээ коксжих нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж буй энэ үед гангийн үйлдвэрлэл буурч байгаа нь борлуулалтад сөргөөр нөлөөлөхөөр байна. Тухайлбал: Шаньси, Хэбэй, Шаньдун муж дахь зарим гангийн үйлдвэрүүд эрэлт тааруу байгаагаас гарцаа түргэн хугацаанд бууруулсныг эх сурвалж мэдээлжээ.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтын улмаас БНХАУ-ын дотоодын гангийн хэрэглээ буурсаар байгаа аж. Бээжин үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр буй ч одоогоор дорвитой үр дүнд хүрээгүй байна.
Орон сууцны үнэ унаад зогсохгүй өрөө төлж чадахгүй байгаа барилгын компаниудын олон төсөл гацах эрсдэлтэй байгаагаас хэрэглэгчид орон сууц худалдан авахаас болгоомжлох болжээ. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл өндөр байгаа нь БНХАУ-ын гангийн экспорт буурахад нөлөөлж байгаа юм.