
2021 онд Монгол Улс Хүний хөгжлийн индексээр 96 дугаарт бичигдэж, 2020 онтой харьцуулахад зургаан байр ухарсныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тайландаа танилцууллаа.
Түүнчлэн тэгш бус байдлыг харгалзан тооцоход хүний хөгжлийн үзүүлэлт нь 12.9 хувиар буурч байна. 2021 онд байгалийн баялаг ихтэй олон орон "Баялгийн хараал"-д нэрвэгдэж, нөөц баялгаас шалтгаалсан зөрчил, ядуурал болон нийгмийн тэгш бус байдал нэмэгдсэнийг тайланд тодотгосон байна.
Түүнчлэн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах технологийн шилжилт болон сэргээгдэх эрчим хүч нь "Ногоон баялгийн хараал" үүсэх вий гэсэн болгоомжлолд хүргэж байна. Тухайлбал: Конго, Замби, Зимбабве зэрэг цэвэр эрчим хүчний технологид ашиглагддаг түүхий эдээр баялаг орнуудад эдийн засгийн төрөлжилт сул, институц сул дорой, нөөц баялгийг цөөнх эзэмших магадлал нэмэгдэж байгаа гэж үзжээ.
2021 онд Монгол Улсын нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 10.5 мянган ам.доллар байсныг тайлан харуулж байна. Энэ нь Туркменистан улсаас 18 хувиар, Шри Ланкаас 15 хувиар доогуур үзүүлэлт юм.
2010-2021 онд Монгол Улсын Хүний хөгжлийн индекс 0.48 хувийн өсжээ. Үүнтэй харьцуулахад 2000-2010 онд 1.6 хувиар өсөж байсан юм. Өөрөөр хэлбэл 10 жилээр авч үзвэл хүний хөгжлийн өсөлт саарч байна гэж хэлж болохоор байна.
Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн турш улс орнуудын 90 хувийнх нь үзүүлэлт буурсан бөгөөд 2016 оны түвшинд эргэн очсон байна.