
Зургийг: Al Drago/Bloomberg
Төв банкнууд бодлогын хүүгээ хурдацтай өсгөсөн нь банкны салбар дахь эмзэг байдлыг ил болгосон гэж Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева мэдэгдлээ. Тэрбээр “Банкнууд цаашид гарч болох эрсдэлүүдийг анхааралтай ажиглах хэрэгтэй”-г онцолж байна. Тухайлбал: салбарын тэргүүнүүд эдийн засагт тулгарах “шок”-уудыг урьдчилан таамаглаж, хариу арга хэмжээ авахад бэлэн байхыг “Bloomberg News”-т өгсөн ярилцлагадаа зөвлөжээ.
Өнгөрсөн сард Олон Улсын Валютын Сан банкны салбар дахь хямрал дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш татаж магадгүйг анхааруулж байсан юм. Мөн тайландаа санхүүгийн зах зээл эмзэг хэвээр байгааг дурдаж байв.
Олон Улсын Валютын Сангийн тэргүүн ярилцлагадаа хөгжиж буй орнуудын өрийг дахин төлөвлөхөд гарч буй саатлын талаар хөндсөн байна. Бага орлоготой 70 гаруй улс 326 тэрбум ам.долларын өрийн дарамттай нүүр тулаад байна гэж Олон Улсын Валютын Сан тооцоолжээ. Үүнээс тэн хагас нь аль хэдийн өрийн хямралд орсон эсвэл ороход ойрхон байгаа аж.
Парисын клубийн гишүүн барууны чинээлэг орнууд болон БНХАУ тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас өрийг дахин төлөвлөх явц удаашралтай байгаа ажээ. Зээлдүүлэгч улсуудын хамтын ажиллагааны доголдол Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны 2023 оны хаврын чуулга уулзалтаар хөндөгдсөн гол асуудлуудын нэгт багтсан юм.