
Зургийг: Anna Moneymaker/Getty Images
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өрийн таазыг нэмэгдүүлэхгүй бол зургаадугаар сар гэхэд Засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлж чадахгүй болохоор байгааг Конгрессын гишүүдэд анхаарууллаа.
Нэгдүгээр сард 31.4 их наяд ам.долларын өрийн дээд хязгаарыг давснаас хойш АНУ-ын Сангийн тусгай арга хэрэгсэл ашиглан дефолт зарлахаас сэргийлэхийн зэрэгцээ Засгийн газраа санхүүжүүлж байсан аж.
Одоо мөрдөгдөж буй өрийн хязгаарын дагуу зургаадугаар сарын нэгнээс хойш тусгай арга хэрэгслээр дамжуулан Засгийн газрыг санхүүжүүлэх боломжгүй болохыг тэрбээр мэдээллээ.
Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Кевин Маккартиг өрийн таазны асуудлыг хэлэлцэхээр тавдугаар сарын есөнд Цагаан ордонд ирэхийг хүссэн байна.
Жанет Йеллений мэдэгдлээс өмнө төсвийн зарцуулалтад хяналт тавих Конгрессын бүлэг зургаадугаар сарын эхээр Сангийн яам санхүүжилтгүй болохыг анхааруулж байсан юм. Жанет Йеллен мэдэгдэлдээ “Засгийн газрын төлбөр тооцооны урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд Конгресс аль болох ойрын хугацаанд өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх хэрэгтэй”-г онцолжээ.