
Зургийг: Bloomberg via Getty Images
АНУ-ын фьючерсийн зохицуулах байгууллагаас криптовалютын дэлхийн хамгийн том бирж "Binance", мөн тус компанийн Гүйцэтгэх захирал Жао Чанпенийг арилжааны болон деривативийн талаарх дүрэм журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн байна. Тодруулбал: тус бирж АНУ-ын иргэдийн оролцсон дериватив арилжааг явуулахдаа холбогдох зөвшөөрлийг зохих ёсоор аваагүй, мөн комплаенсийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж АНУ-ын Таваарын фьючерс арилжааны хорооноос үзжээ.
Харин "Binance"-ийн зүгээс энэхүү асуудал нь АНУ-ын хэрэгжүүлэх эрх мэдлийн хүрээнд хамаарахгүй гэсэн байна. Мөн “Binance” хэдэн жилийн өмнө тус агентлагт бүртгүүлэх ёстой байсан бөгөөд комиссын журмыг зөрчсөн хэвээр байгааг зохицуулах байгууллагынхан онцолжээ.
Тус компанийн и-мэйл болон дотоод чатаас харвал “Binance” санаатайгаар ашгийн төлөө хууль журам мөрдөхийг хойшлуулж байсныг харж болно гэж зохицуулагч байгууллага мэдээлсэн байна.
Харин “Binance” мэдэгдэлдээ сүүлийн хоёр жилийн турш зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байсан учир энэхүү гэнэтийн шийдвэрт гайхаж байгаагаа дурджээ. Мөн тус компани цаашид ч АНУ болон бусад улсын зохицуулах байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын хэрэглэгчдийг тус компанийн олон улс дахь хэрэглэгчдэд зориулсан платформ дээр арилжаа явуулахаас сэргийлэхийн тулд хяналт тавьж байснаа мэдэгджээ.