
Зургийг: jwnenergy.com
Саудын Арабын “Saudi Aramco” компани БНХАУ-ын газрын тос боловсруулагч “Rongsheng Petrochemical” компанийн 10 хувийг 3.6 тэрбум ам.доллароор худалдан авлаа. Энэ нь “Saudi Aramco” дэлхийд эрчим хүчний импортоороо тэргүүлэгч улсад үйл ажиллагаагаа тэлэхээр зорьж байгаатай холбоотой аж.
Тус компани БНХАУ-д экспортоо нэмэгдүүлэхээр сүүлийн хоёр хоногт хоёр хэлцлийг эцэслэсэн байна. Даваа гарагт “Rongsheng Petrochemical” компанийн 10 хувийг худалдан авсан нь “Saudi Aramco”-ийн хувьд гадаадын улсад хийсэн хамгийн том хэлцэл болж байгаа аж.
Үүнээс өмнө тус компани БНХАУ-ын Ляонин мужид нефть химийн үйлдвэр байгуулахаар 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тохиролцжээ.
Хэлцлийн хүрээнд “Saudi Aramco” өдөрт 800 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай Rongsheng Petrochemical” компанийн Жөжян муж дахь үйлдвэрт ирэх 20 жилд өдөр бүр 480 мянган баррель боловсруулаагүй газрын тос нийлүүлэх үүрэг хүлээж байгаа аж. Үүний дагуу “Saudi Aramco” тус компанид 800 сая ам.долларын зээлийн шугам олгох юм байна.
Харин Ляонин мужид байгуулагдах үйлдвэрт “Saudi Aramco” компани өдөрт 210 мянган баррель боловсруулаагүй газрын тос нийлүүлэхээр тохиролцжээ.
Ляонин мужид байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн 3.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэх 30 хувийн хувьцааг “Saudi Aramco” эзэмших юм.