Эдийн засагчид 2024 он хүртэлх БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа. Бээжин COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо ойрын хугацаанд дуусгахгүй гэсэн хүлээлтийн үндсэн дээр ийм шийдвэрт хүрсэн байна.
Шинэ төсөөллийн дагуу БНХАУ-ын эдийн засаг 2024 он хүртэл жил бүр таван хувиас бага хэмжээгээр өснө гэсэн байна. Энэ оны эцсийн эдийн засгийн өсөлтийн дундаж төсөөлөл 3.4 хувиас 3.3 хувь болж буурсан бол ирэх жилийн үзүүлэлтийг 5.1 хувиас 4.9 хувь болгон бууруулжээ. Харин 2024 онд БНХАУ-ын эдийн засаг таван хувиар өснө гэсэн таамгийг 4.8 хувь болгон бууруулсан байна.
БНХАУ-ын COVID-19-ийг Үл тэвчих бодлогын дагуу тогтмол хөл хорионы дэглэм тогтоож, иргэдийг шинжилгээнд хамруулж байгаагаас хэрэглэгчдийн зарцуулалт, зорчих хөдөлгөөн буурч, компаниудын үйл ажиллагаа доголдсоны улмаас эдийн засгийн өсөлт удааширч байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон БНХАУ-ын Коммунист намын Ардын их хурлаар COVID-19-ийг Үл тэвчих бодлогыг зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гараагүй тул ийнхүү эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурч, хөрөнгийн зах зээл болон юанийн ханш унаад байгаа юм.
“Bloomberg”-ийн судалгаанд оролцсон 18 эдийн засагчийн 11 нь БНХАУ боомтуудаа ирэх оны эхний хагас хүртэл бүрэн нээхгүй гэж таамагласан бол долоо нь ирэх жилийн хоёрдугаар хагасаас 2024 оны эхний улирлын хооронд хил бүрэн нээгдэнэ гэж таамаглаж байна.
Харин COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо оны эцэс гэхэд бага зэрэг сулруулна гэсэн хүлээлт шинжээчдийн дунд түгээмэл байгаа аж.
Судалгаанд оролцогчдын 60 хувь нь хилээ бүрэн нээх асуудал хойшлох нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах гол хүчин зүйл болно гэж үзсэн бол 30 хувь нь энэ асуудал цаашлаад дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэсэн байна.
Эдийн засагчид энэ оны эцэст тус улсын инфляц дунджаар 2.7 хувьтай байна гэж үзжээ. Мөн оны эцсийн экспортын өсөлтийн төсөөллөө 3.1 хувиас 3.7 хувь болгож өсгөсөн бол импортын төсөөллөө 2.9 хувиас 0.5 хувь хүртэл эрс бууруулсан байна.