
Nathan Laine, Bloomberg
Банкны салбарын хямрал, эдийн засаг уналтад орох эрсдэл дэлхийн IPO зах зээлд хүндрэл дагуулж байна. Тодруулбал: 2023 он гарсаар дэлхий даяарх компаниуд хувьцааны анхдагч арилжаанаас ердөө 19.7 тэрбум ам.доллар татан төвлөрүүлснийг "Bloomberg"-ийн дата мэдээлэл харуулж байна. Энэ нь 2019 оноос хойших доод үзүүлэлт болсноос гадна өмнөх оны мөн үеэс 79 хувиар буурсан дүн юм.
Дата мэдээллийг харвал АНУ-ын IPO зах зээл хамгийн огцом агшсан бөгөөд он гарсаар ердөө 3.2 тэрбумыг татан төвлөрүүлжээ. Ерөнхийдөө өнгөрсөн онд инфляц эрчимжиж, Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж эхэлснээр хөрөнгө оруулагчид эрсдэлээс болгоомжлон IPO зах зээлийн идэвхжил саарч эхэлсэн байна.
2023 оны эхэнд БНХАУ "Covid-19"-ийг Үл тэвчих бодлогоо цуцалснаар эерэг хүлээлт бий болж хөрөнгийн зах зээл хүчтэй өсөлт үзүүлж байсан ч АНУ-ын зарим банкнууд уналтад орж, "Credit Suisse"-ийг тойрсон асуудал үргэлжилж байгаа нь зах зээл тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд байна.
"Хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй гол асуудал бол бодлогын хүү юм. Төв банкнуудын бодлогын хүүг өсгөх цикл хэр удаан үргэлжлэх, мөнгөний бодлого хаашаа эргэх, бодлогын хүүг хэр хурдацтай өсгөх нь мэтгэлцээн дагуулсан сэдэв болоод байна" гэж "Citigroup"-ийн шинжээч мэдэгдсэн байна.
Мөн банкны салбарын хямрал компаниудын IPO хийх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар байгааг онцолжээ. Жишээлбэл: Германы "Oldenburgische Landesbank" тавдугаар сард багтан IPO хийх товоо хойшлуулсан нь дэлхийн банкны салбарт хөрөнгө оруулагчдын итгэл алдагдаад байгаатай холбоотой юм.