
Зургийг: globaltimes.cn
Тавдугаар сарын 10-ны өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 649 автомашин нэвтэрсэн нь дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс хойших доод үзүүлэлт болсныг “SXCoal” мэдээллээ.
Гуравдугаар сард Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 945 автомашин, дөрөвдүгээр сард 829 автомашин нэвтэрч байсантай харьцуулахад энэ нь тааруу үзүүлэлт юм.
БНХАУ-д ерөнхийдөө коксжих нүүрсний эрэлт тааруу байгаа, мөн Монголын коксжих нүүрс үнийн хувьд БНХАУ-ын дотоодын олборлосон нүүрстэй өрсөлдөх чадвар нь буурч байгаагаас арилжаачид худалдан авалтаа бууруулж буйг “SXCoal” мэдээлжээ.
Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний үнэ тонн нь 1180-1200 юаниар арилжаалагдаж байна. Энэ нь дөрөвдүгээр сард тонн нь 1550 орчим юаниар борлуулагдаж байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт боллоо.
БНХАУ-ын олборлосон коксжих нүүрсний нөөц сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрээд байгаа аж. Тиймээс БНХАУ-ын уул уурхайн компаниуд бэлэн нөөцөө бууруулахын тулд нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр байна.
Тавдугаар сарын 11-нээр эцэслэгдсэн долоо хоногт “SXCoal”-ийн судалгаанд хамрагдсан уурхайнуудаас олборлосон коксжих нүүрсний нөөц 4.53 сая тонн байсан нь өмнөх долоо хоногийнхоос 3.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Уурхайнуудаас олборлосон коксжих нүүрсний нөөц ийнхүү найман долоо хоног дараалан өсөж, 2022 оны эхэн үеэс хойших дээд түвшинд хүрснийг “SXCoal” онцолж байна.