
Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улс гадаадын 211 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 216 сая ам.доллар хүрснийг Монголын Аялал Жуулчлалын Холбоо мэдээллээ.
I-IX сард Монголд ирэх гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 188.3 мянгаар буюу 9.3 дахин өссөн байна. Хэдий тийм боловч хамгийн олон жуулчин хүлээн авч байсан 2019 оны мөн үеэс 59 хувиар доогуур үзүүлэлт юм.
Хилийн хязгаарлалт суларч, Монголд ирэх жуулчдын тоо өссөн нь III улиралд “Говь” ХК-ийн дотоод борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 73 хувиар өсөхөд нөлөөлснийг тайландаа онцолжээ.
Мөн үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй ч “Жуулчин Дюти Фрий” ХК III улиралд 228 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын 47.2 хувийг ОХУ-ын иргэд, 20 гаруй хувийг БНСУ-ын иргэд, 6.9
хувийг Казахстан улсын иргэд, 4.1 хувийг БНХАУ-ын иргэд, 3.6 хувийг АНУ-ын иргэд, 2.3 хувийг
Япон улсын иргэд эзэлж байна.
Засгийн газар энэ онд аялал, жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд зургаадугаар сарын нэгнээс эхлэн БНСУ-ын жуулчдыг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулахаар болсон юм. Мөн Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, долоо хоногт таван удаагийн нислэг үйлдэж байна.
Үүнээс гадна энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын 428.7 мянган иргэн гадаадад зорчжээ. Үүний 53 хувь буюу 227 мянга нь аялал, жуулчлалын зорилгоор зорчсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 137.1 мянгаар буюу 2.5 дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм. Харин 47 хувь буюу 201.6 мянга нь ажиллах, суралцах болон гадаад улсад байнга оршин суух зорилгоор зорчжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 61.4 хувиар буюу 76.6 мянгаар өссөн үзүүлэлт боллоо.
Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 88.4 хувь нь 30 хүртэл хоног, 1.8 хувь нь 30-90 хүртэлх хоног, 9.8 хувь нь 90 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар явжээ.
Монгол Улсын хувьд аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд тулгарч буй хамгийн гол бэрхшээл нь олон улсын нислэгийн хүрэлцээ, нислэгийн үнэ, төвлөрсөн маркетингийн сурталчилгаа зэрэг хүчин зүйлс байгааг Дэлхийн банкны судалгаа харуулж байна.
Дэлхийн эдийн засгийн форумын Аялал, жуулчлалын хөгжлийн 2021 оны индексэд Монгол Улс 117 орноос 84 дүгээрт бичигдэж байгаа юм. Мөн 2021 оны үзүүлэлтээр Монгол Улс болон БНЭУ хамгийн олон байр ухарсныг тайланд онцолжээ.