
“Apple”-ийн гол нийлүүлэгч “Foxconn Technology” компани энэ онд Зүүн Өмнөд Азийн орнуудад үйл ажиллагаагаа тэлэхээ мэдэгдлээ. Тус компани геополитик, эдийн засгийн эрсдэлийг бууруулахын тулд БНХАУ-аас гадуурх үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж.
Цаашид Эх газрын Хятад, Өмнөд болон Умард Америкийн орнууд, Зүүн Өмнөд Азид үйл ажиллагаагаа өргөжүүлсэн хэвээр байна гэж “Foxconn Technology”-ийн ТУЗ-ийн дарга мэдэгдсэн байна.
“Foxconn Technology” компанийн өрсөлдөгч “Pegatron” энэ онд Зүүн Өмнөд Азид хүчин чадлаа нэмэгдүүлэхээр 350 сая хүртэлх ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа ажээ.
“Foxconn Technology”, “Pegatron” компаниуд аль аль нь БНХАУ-аас гадна БНЭУ-д “Apple”-ийн “iPhone” гар утсыг үйлдвэрлэж эхэлсэн юм. “Apple” компанийн хувьд Вьетнам улсыг “AirPods” зэрэг бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжит байршлаар сонгоод байна.
“Pegatron” Вьетнам болон Индонез улс дахь үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа ч одоогоор эдгээр улсад “iPhone” гар утас үйлдвэрлэж эхлээгүй байгаа юм. Харин “Foxconn Technology”-ийн хувьд Зүүн Өмнөд Азийн аль улсад үйл ажиллагаагаа тэлэхээ тодорхой зарлаагүй байна.