
Зургийг: Carla Gottgens/Bloomberg
Литийн үнийн уналттай холбоотойгоор БНХАУ-ын компаниуд цэнэг хураагуурын гол түүхий эдийн гарцаа бууруулж байна. Тухайлбал: Жяньши мужийн Ичунь хотын зарим лити үйлдвэрлэгчид үнэ унасантай уялдуулан боловсруулах гарцаа бууруулсныг орон нутгийн “The Paper” сонин мэдээлжээ.
2022 оны байдлаар БНХАУ-ын литийн карбонатын үйлдвэрлэлийн 11 хувийг энэ хотын үйлдвэрлэгчид дангаараа бүрдүүлснийг “BNEF”-ийн судалгаа харуулж байна.
Цахилгаан автомашины цэнэг хураагуурт ашиглагддаг литийн карбонатын үнэ өссөнөөр Ичунь хотод үйлдвэрлэл эрчимжжээ. Цахилгаан автомашины эрэлт буурах төлөвтэй болсноор БНХАУ-д литийн карбонатын үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сарын оргил үеэс 63 хувиар буураад байгаа аж.
Ичунь хот дахь үйлдвэрлэгчид гарцаа бууруулсан нь үнийн уналт тогтворжиход нөлөөлж магадгүй байгааг “Rystad Energy” компанийн шинжээч мэдээллээ.
Сүүлийн 16 өдөр дараалан унаад байсан литийн карбонатын үнэ пүрэв гарагт тонн нь 217 мянга 500 юань болж тогтсоныг “Asian Metal”-ийн дата харуулж байна. Хэдийгээр үнэ нь ийнхүү унасан ч 2020 оны доод цэгтэй харьцуулахад тав дахин өндөр байгаа юм.
Литийн карбонатын үнэ мэдэгдэхүйц сэргэхэд эрэлт нэмэгдэх шаардлагатай байгаа ч ойрын хэдэн сард эрэлт өсөх төлөвгүй байгааг “Rystad Energy” компанийн шинжээч мэдээлжээ.