
Зургийг: Nicky Loh/Bloomberg/Bloomberg
“Goldman Sachs” Европт био метан үйлдвэрлэхийг зорьж буй “Verdalia Bioenergy” компанид нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Био метан нь хүнс, малын өтөг бууц болон бусад органик материалаас гарган авсан хий юм.
2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэнцвэржүүлэх Европын Холбооны зорилтын ачаар био метаны эрэлт өсөх төлөвтэй байгаа аж. Энэ хүрээнд “Shell”, “Total Energies” зэрэг томоохон компаниуд био метанд хөрөнгө оруулж эхэлсэн байна.
“Verdalia” компанийн хувьд Испанид био метаны таван үйлдвэр худалдан авахаар хэлэлцэж байгаа юм.
Үүнээс гадна “Verdalia” хөгжүүлэлтийн эхний шатандаа яваа био метаны төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Испани дахь үйлдвэрийг худалдан авахаас гадна тус компани Итали болон Европын бусад оронд үйл ажиллагаагаа тэлэхийг зорьж байгаа аж.
Ус төрөгчийн түлшнээс ялгаатай нь био метан нийлүүлэхэд одоо байгаа байгалийн хийн дэд бүтцийг ашиглах боломжтой учир харьцангуй зардал багатайд тооцогдож байгаа юм.