
БНХАУ-ын Засгийн газрын агентлагууд “Alibaba” болон “Tencent”-ийн нэгжүүдэд “Алтан хувьцаа” эзэмшихээр төлөвлөж байна. Энэ нь Бээжин дэлхийн хамгийн том интернэтийн зах зээл дэх гол тоглогч нарт тавих хяналтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагийн дохио гэж шинжээчид үзэж байгаа аж.
“Алтан хувьцаа”-ны зохицуулалт Засгийн газарт компанийн захирлуудыг нэр дэвшүүлэх, чухал шийдвэрт нөлөөлөх боломж олгодог. Ингэснээр албаныхан тус салбарт урт хугацаанд нөлөөлөх арга хэрэгсэлтэй болох юм.
БНХАУ-ын кибер орчныг удирдах хэлтэс нэгдүгээр сарын дөрвөнөөс эхлэн “Alibaba”-ийн дижитал медиагийн нэгжийн нэг хувийг эзэмших болсон аж. Тус компанийн бизнест “Streaming” үйлчилгээний “Youku” платформ, “UC Web” гар утасны хөтөч багтдаг. Тухайн өдөртөө тус компани шинэ захирлаа томилсныг “Financial Times” мэдээллээ.
Сүүлийн үед Ши Жиньпин дэлхийн хоёр дахь том эдийн засгийг сэргээхийн тулд интернэт компаниудад хэрэгжүүлж байсан хатуу бодлогоо өөрчилж эхэлснийг шинжээчид онцолж байгаа юм. Тухайлбал: БНХАУ-ын Төв банк технологийн салбарт дэмжлэг үзүүлэх арга замыг судалж эхэлсэн байна. Тус улсын технологийн салбарт хэрэгжүүлсэн хатуу зохицуулалтын гол хохирогчдын нэг “Didi Global” компани ирэх долоо хоног гэхэд аппликейшнүүдээ дахин гаргах зөвшөөрөл авахаар байгааг “Reuters” агентлаг мэдээллээ.