Зургийг: Bloomberg
“Birkin” цүнхээрээ алдартай “Hermes International” компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 200 тэрбум евро буюу 218 тэрбум ам.доллар давлаа. Ингэснээр Швейцарын эм үйлдвэрлэгч “Novartis” компанийг гүйцээд байна.
Энэ онд тансаг зэрэглэлийн компаниудын хувьцааны ханш өссөнтэй зэрэгцэн “Hermes”-ийн хувьцааны ханш мөн өсжээ. Энэ нь хөрөнгө оруулагчид тансаг зэрэглэлийн компаниудыг эдийн засгийн уналтыг давж гарах чадвартай гэж үзэж байгаатай холбоотой аж.
Одоогоор “Hermes” брэнд “European Stoxx 600” индексэд бүртгэлтэй компаниуд дунд зах зээлийн үнэлгээгээрээ наймдугаарт бичигдэж байна. Харин дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүд дунд 420 тэрбум еврогийн үнэлгээтэй “LVMH” компанийн араас буюу хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.
“LVMH” компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор Францын “Airbus”, “Renault”, “Vivendi”, “Carrefour”, “Societe Generale”, “Orange” зэрэг хэд хэдэн томоохон компанийн нийлбэр үнэлгээнээс өндөр байгаа аж.
“Hermes”-ийн хувьд макро эдийн засгийн сорилтуудад бусад компаниудын адилаар өртөх боломжтой ч тус компанийн нийлүүлэлтийн менежментэд түшиглэсэн онцгой бизнесийн загвар өсөлт тогтвортой үргэлжлэхэд нь нөлөөлөхийг “UBS” банкны шинжээч мэдээллээ.
“Hermes” брэндийн гар цүнхний үнэ 8000 еврогоос эхэлдэг ч эрэлт нь үйлдвэрлэлийн хүчин чадлаасаа тогтмол өндөр байсаар иржээ. Мөн ихэнх гар цүнхнийх нь дахин худалдаалах үнэлгээ анхны үнээ давдаг байна.