
БНХАУ-ын экспорт болон импорт сүүлийн хоёр жилд анх удаа буурлаа. Энэ нь дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдсэнээр олон улсад хэрэглэгчдийн худалдан авалт буурч байгааг харуулж байна.
Ам.доллароор тооцоолбол БНХАУ-ын экспорт аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурчээ. Энэ нь эдийн засагчдын төсөөлж байсан 4.5 хувийн өсөлтөөс доогуур дүн боллоо.
Мөн импорт нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсан нь 2020 оны наймдугаар сараас хойш анх удаа агшсан үзүүлэлт болж байна. Ингэснээр БНХАУ-ын төлбөрийн тэнцлийн ашиг 85.1 тэрбум ам.доллар болжээ.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, COVID-19-ийн халдварын тархалтын улмаас тогтоосон хөл хорио, хэрэглэгчдийн зарцуулалт буурсан зэрэг дотоод хүчин зүйлс БНХАУ-ын эдийн засагт дарамт учруулж байгаа аж. Үүний зэрэгцээ тус улсын экспорт буурсан нь эдийн засагт нь хүндхэн нөлөөлөхөөр байна.
БНХАУ-ын экспортын өсөлт саарсан нь гадаад зах зээлийн эрэлт сул байгаагаас гадна цар тахалтай холбоотой нийлүүлэлтийн сүлжээний доголдлыг харуулж байгааг “Pinpoint Asset Management”-ийн Ахлах эдийн засагч мэдээллээ. Тэрбээр дэлхийн эдийн засгийн өсөлт саарснаар БНХАУ-ын экспорт ирэх саруудад ч доогуур түвшинд хадгалагдахыг онцолжээ.
Үүнээс гадна сүүлийн саруудад БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт эрчимжээд байна. Тус улсад өдөрт бүртгэгдэх COVID-19-ийн халдварын тохиолдол сүүлийн зургаан сарын дээд цэгт хүрчээ. Ням гарагт 5400 гаруй хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрсэн нь тавдугаар сарын хоёрноос хойших дээд үзүүлэлт боллоо. Тухайн үед Шанхай хотод халдварын тархалтыг бууруулахаар хөл хорио тогтоогоод байсан юм.
Сүүлийн байдлаар Бээжин хотод 55 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр хамгийн олон хүн амтай дүүрэгт сургуулиудын танхимын сургалтыг зогсоосон байна.
БНХАУ COVID-19-ийн хязгаарлалтаа сулруулбал тус улсын хувьцаануудын ханш 20 хувиар өснө гэж “Goldman Sachs” тооцоолжээ. Хэдий тийм боловч тус улсын удирдах албан тушаалтнууд COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо үргэлжлүүлэхээ илэрхийлсээр байгаа юм.