
Зургийг: Dimas Ardian/Bloomberg
Цагаан тугалганы үнэ 11 хувиар буюу сүүлийн зургаан сарын хугацааны хамгийн өндөр дүнгээр өслөө. Энэ нь дэлхийд цагаан тугалганы экспортоор гуравдугаарт бичигддэг Мьянмар улс уул уурхайн гол бүс нутгийнхаа олборлолтод хязгаарлалт тавьсантай холбоотой аж.
Тодруулбал: армийн хяналтад байдаг Мьянмарын хойд бүс нутгийн эдийн засгийн төлөвлөгөөний комисс уул уурхайн үйл ажиллагааг түр зогсоохыг тушаасныг Олон улсын цагаан тугалганы холбоо мэдээллээ. Хэдий тийм боловч хүчин төгөлдөр гэрээ бүхий үйлдвэрлэгчдийг наймдугаар сарын нэгнийг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ.
Одоогоор шинжээчдийн хувьд хязгаарлалтын арга хэмжээ уул уурхайн олборлолтод хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.
Одоогоор БНХАУ-ын боловсруулагч компаниудад хомсдол үүсэхээс сэргийлэх цагаан тугалганы нөөц байгаа ч дунд хугацаанд Мьянмарын хязгаарлалтын улмаас олон улсын зах зээлээс шинэ нийлүүлэгч хайх шаардлага үүсэхийг тус холбооны шинжээч мэдээллээ. Хязгаарлалт тогтоосон Мьянмарын хойд бүс нутаг БНХАУ-ын цагаан тугалганы хүдрийн хэрэгцээний 30 хувийг нийлүүлдэг аж.
Даваа гарагт цагаан тугалганы үнэ Лондоны Металлын биржид 11.5 хувиар өсөж, тонн нь 27 мянга 705 ам.доллар хүрсэн нь хоёрдугаар сараас хойших дээд үзүүлэлт болов.