
IV улиралд "Dior", "Louis Vuitton" зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшигч "LMVH" компанийн борлуулалтын өсөлт саарлаа.
Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний гол зах зээлийн нэг болох БНХАУ-д "коронавирус"-ийн халдварын тархалт нэмэгдсэн нь ийнхүү борлуулалтад нөлөөлжээ. Түүнчлэн тайлант хугацаанд загварын хувцас, арьсан эдлэлийн бизнесийнх нь органик борлуулалт 10 хувиар өссөн нь 2022 оны хамгийн тааруу өсөлтөд тооцогдож байгаа юм.
Өмнөх онд тус компанийн хамгийн өндөр орлоготойд тооцогддог "Louis Vuitton" брэндийн борлуулалт 21.8 тэрбум ам.доллар хүрсэн байна.
2023 он амжилттай жил байна гэдэгт итгэлтэй байгаа ч тодорхой нөхцөл байдалд бэлтгэлтэй байна гэж "LVMH"-ийн Гүйцэтгэх захирал мэдэгдэж байв.
Үүнээс өмнө "Cartier" брэндийг эзэмшигч "Richemont" болон "Burberry" компани БНХАУ-ын зах зээлд эрэлт саарсны улмаас борлуулалт буурсныг тайлагнаж байсан юм. 2022 онд БНХАУ дахь борлуулалт огцом буурсан ч энэ онд эргэн сэргэнэ гэсэн хүлээлттэй байгааг "LVMH"-ийн Санхүү хариуцсан захирал мэдэгджээ.
БНХАУ цар тахлын хязгаарлалтаа цуцалсан нь тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний зах зээлд эргэлт авчрахыг шинжээчид онцолж байгаа юм.