
Зургийг: toursmongolia.com
Монгол Улс он гарсаар 107 мянга 877 жуулчин хүлээн авсныг Байгаль орчин, Аялал жуулчлалын яам мэдээллээ. Энэ онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьснаас оны эхний гурван сарын байдлаар биелэлт 10 гаруй хувьтай байна.
I-III сард Монголд ирсэн жуулчдын 57 хувь нь ОХУ-ын иргэд байжээ. ОХУ-аас Монголд аялж буй жуулчдын 15 хувь нь аялал жуулчлалын тур оператор компаниудаар үйлчлүүлдэг байна. Дийлэнх нь ажил хэргийн шугамаар болон чөлөөт байдлаар аялдаг гэсэн судалгаа байгаа аж. Монголд аялж буй ОХУ-ын жуулчдын 82 хувь нь байгалийн сайхныг илүүд үздэг бол 20 гаруй хувь нь угсаатны түүх, соёлыг сонирхдог байна.
Харин он гарсаар БНХАУ-ын 20 мянга орчим иргэн хилээр нэвтэрсэн байна. Энэ нь нийт жуулчдын 18.2 хувь болж байгаа юм. Монгол Улсад ирж буй жуулчдын 30 гаруй хувийг БНХАУ-ын иргэд бүрдүүлдэг байна.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд хилийн боомтоор иргэдийн зорчих хөдөлгөөн нэгдүгээр сарын наймнаас эхлэн нээгдсэн юм. "БНХАУ хилээ нээсэн нь экспорт нэмэгдэж, худалдаа тасалдах эрсдэлийг бууруулан, аялал жуулчлалын салбар сэргэх замаар Монгол Улсын эдийн засгийг сэргээх"-ийг Азийн хөгжлийн банк тайландаа дурдсан байна.
Түүнчлэн Дэлхийн банк "БНХАУ хилээ нээсэн нь тус улсаас аялал жуулчлал, экспортын хувьд хамааралтай Тайланд болон Монгол Улсад илүү эергээр нөлөөлөх"-ийг онцолсон юм.