
Энэ оны III улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 оны зэрэгцүүлэх үнээр 20.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өслөө. Оны эхний улиралд эдийн засаг 3.9 хувиар агшиж байсан бол II улиралд 1.9 хувиар тэлсэн юм.
III улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн ийнхүү өсөхөд уул уурхайн бус салбаруудын сэргэлт голлон нөлөөлжээ. Тухайлбал: хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 10 хувиар өсөж, үйлчилгээний салбарынх 5.3 хувиар өссөн байна. Харин уул уурхайн салбарын нэмэгдэл өртөг 17.3 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хоёрдугаар сарын 14-нөөс цар тахлын хязгаарлалт бүрэн цуцлагдаж, дотоод эрэлт сэргэж эхэлснээр худалдаа, үйлчилгээний салбаруудын идэвхжил нэмэгдсэн юм. Ерөнхийдөө уул уурхай, барилга, тээврийн салбараас бусад салбар цар тахлаас өмнөх үеийн түвшинд хүрсэн гэж Монголбанк үзэж байна.
Мөн цаг агаарын таатай нөхцөл байдалтай уялдан малын зүй бус хорогдол бага, мал төллөлтийн явц сайн байсан нь хөдөө аж ахуйн салбар идэвхжихэд нөлөөлжээ.
Харин хилийн хязгаарлалт, геополитикийн хурцадмал нөхцөл байдал, БНХАУ-ын цар тахлын бодлого зэргийн улмаас гадаад эрэлт саарч, нүүрс, газрын тос, зэсийн баяжмалын экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй байна.
Оны эхний 10 сарын байдлаар нийт нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 67 хувиар өссөн ч энэ нь 2020 оны мөн үеэс 3.3 хувиар доогуур дүн боллоо.
2022 оны сүүлийн хагаст экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд, тэр дундаа нүүрсний экспорт нэмэгдэх тохиолдолд эдийн засаг энэ онд гурав орчим хувийн өсөлттэй гарна гэж Монголбанк тооцоолоод байна.