
Зургийг: Victoria’s Secret
“Victoria’s Secret” брэнд дахин боловсруулах боломжтой хөхний даруулгуудаа танилцууллаа. Хуучин хөхний даруулгын материалыг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигласнаар тус брэнд дотуур хувцасны даавууны хаягдлыг бууруулахыг зорьж байна.
“Forever Bra” хэмээх хөхний даруулгын зөөлөвчийг дахин боловсруулах боломжтой тусгай зориулалтын материалаар хийсэн аж. Энгийн хөхний даруулгад ашиглагддаг хайлуулах боломжгүй полиуретан хөөс ашиглаагүй гэдгээрээ онцлогтой.
“Victoria’s Secret”-ийн хэрэглэгчид хуучин хөхний даруулгаа АНУ-д байрлалтай аль нэг дэлгүүрт хүргэн өгөхөд зөөлөвчийг нь салган авч дахин боловсруулах юм байна.
"Victoria’s Secret" хөхний даруулгыг цуглуулж, ангилж, задлах ажилд хоёр компанитай хамтран ажиллаж байгаа аж. Ангилан, задалсан хөхний даруулгыг "Unifi" нэхмэл даавууны инновац, дахин боловсруулалтын компанид нийлүүлэх юм байна.
Шинэ бүтээгдэхүүн тогтвортой дотуур хувцас үйлдвэрлэх чиглэлд гарч буй томоохон алхамд тооцогдож байна. Хэдий тийм боловч "Forever Bra" хөхний даруулгын төмөр утас, мөр зэргийг дахин боловсруулах боломжгүй хэвээр байгаа юм. Эдгээр хэсгийг металл болон хуванцар материалаас гарган авдаг гэдэг утгаараа байгальд ээлтэй хөхний даруулга үйлдвэрлэхэд тулгарч буй хамгийн хүндхэн сорилтод тооцогддог.