
Зургийг: Emily Macinnes/Bloomberg
Швейцар болон Япон дахь бугуйн цаг цуглуулагчид бусад улс дахь цуглуулагч нараас хавьгүй их ашиг хүртэж байгааг “Chrono24” арилжааны платформын судалгаа харууллаа.
Швейцар, Япон дахь цуглуулагч нар тухайн бугуйн цагийг худалдан авсан өдрөөс хойш үнэлгээ нь дунджаар 40 хувиар өсөж байгаа аж. Үүнтэй харьцуулахад Нидерланд улсад 24 хувиар, Германд 25 хувиар өсөж байгаа юм.
Швейцар болон Япон нь тансаг зэрэглэлийн бугуйн цагны томоохон үйлдвэрлэгч улсад тооцогддог. Энэ утгаараа дээрх хоёр улсын иргэд тансаг зэрэглэлийн бугуйн цагны үнэлгээний талаар илүү мэдлэгтэй байж магадгүй гэж шинжээчид тайлбарлаж байна.
Швейцар улс нь “Omega”, “Rolex” зэрэг тансаг зэрэглэлийн тэргүүлэх бугуйн цагны брэндүүдийн эх орон юм. Харин Япон улс нь “Seiko”, “Grand Seiko”, “Citizen” брэндүүдээрээ алдартай.
“Chrono24” платформын судалгаа веб хуудаст нь бүртгэлтэй 1.3 сая бугуйн цагны цуглуулгын мэдээлэл дээр үндэслэсэн байна. Тус платформ дээрх цуглуулгуудын нийт үнэлгээ 49.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл 750 тэрбум ам.доллароор хэмжигдэх дэлхий дээрх нийт бугуйн цагны үнэлгээний долоон хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм.
Швейцар дахь энгийн нэгэн цуглуулагч дунджаар нийт 48 мянга 494 ам.долларын үнэлгээтэй зургаан бугуйн цаг эзэмшдэг гэсэн тооцоо байгаа аж. Харин Японы цуглуулагч нар дунджаар 69 мянга 260 ам.доллароор үнэлэгдэх адил тооны бугуйн цаг эзэмшдэг байна.