
Зургийг: Dhiraj Singh/Bloomberg
“Apple” компани даваа гарагт таван хэсгээс бүрдэх 5.25 тэрбум ам.долларын бонд арилжааллаа. Тус компани бондоороо дамжуулан таван тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр анх төлөвлөж байсныг эх сурвалж мэдээлсэн байна.
Хамгийн урт буюу 30 жилийн хугацаатай бондын өгөөж АНУ-ын Сангийн яамны бондоос 108 суурь нэгжээр өндөр байна. Хэдий тийм боловч анх 135 суурь нэгжийн зөрүүтэй байхаар төлөвлөж байсантай харьцуулахад энэ нь доогуур үзүүлэлт юм.
Энэ долоо хоногт АНУ-ын компаниуд нийт 30-35 тэрбум ам.доллартой тэнцэх эрсдэл багатай бондыг арилжаална гэж “Bloomberg” тооцоолжээ. Энэ нь компаниудын өрийн зах зээл тогтворжиж эхэлсний дохио болж байна.
Даваа гарагт 11 компани нийт 22.55 тэрбум ам.долларын өрөө арилжаалах хуваарьтай байсан аж. Тухайлбал: "T-Mobile US" 3.5 тэрбум ам.долларын, "Merck & Co" зургаан тэрбум ам.долларын бонд гаргасан байна.
"Apple" бондын арилжаанаас татан төвлөрүүлсэн хөрөнгөө хувьцаагаа эргүүлэн худалдан авах, ногдол ашиг тараах, өрөө эргүүлэн төлөх зэрэг үйл ажиллагааны зорилгоор зарцуулна. Өмнө нь "Apple" компани наймдугаар сард хувьцаагаа эргүүлэн худалдан авах болон ногдол ашиг тараах зорилгоор 5.5 тэрбум ам.долларын бонд арилжаалж байсан юм.