
Зургийг: Matthew Lloyd/Bloomberg
“Rolex”, “Patek Philippe”, “Audemars Piguet” зэрэг тансаг зэрэглэлийн брэндийн бугуйн цагнуудын үнэ унаж байгаа ч өгөөжийн хувьд криптовалютууд болон хувьцаануудаас илүү ашигтай хэвээр байгааг “Morgan Stanley”-ийн судалгаа харууллаа.
Өнгөрсөн онд тансаг зэрэглэлийн хуучин бугуйн цагнуудын үнэлгээ найман хувиар буурсныг “Watchcharts” судалгааны платформын индекс харуулж байна. Үүнтэй харьцуулахад 2022 онд “S&P 500” индекс 19 хувиар, “Bitcoin”-ийн ханш 65 хувиар унасан юм.
Сүүлийн 18 сард бүх төрлийн хөрөнгийн үнэлгээ буураад байна. Тухайлбал: тансаг зэрэглэлийн хуучин бугуйн цагны үнэлгээ бусад төрлийн хөрөнгөөс харьцангуй бага хувиар буурсан гэж “Morgan Stanley”-ийн шинжээчид мэдээлжээ.
2021 онд болон 2022 оны эхний улиралд Швейцар бугуйн цагнуудын үнэлгээ урьд өмнө байгаагүй өндөр дүнгээр өсөж байсан юм.
2022 оны эцсээс дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, хөрөнгө оруулагчид хөрвөх чадвараа нэмэгдүүлэхээр тансаг зэрэглэлийн бугуйн цагнуудаа арилжаалж эхэлснээр зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж, үнэлгээ буурах хандлагатай байна.
IV улиралд л гэхэд хуучин бугуйн цагны зах зээл дэх “Rolex”-ийн нийлүүлэлт 19 хувиар өссөн гэж “Morgan Stanley” тооцоолжээ. Түүнчлэн 2022 онд “Rolex” болон “Patek Philippe” брэндийн хуучин бугуйн цагны нийлүүлэлт 100 гаруй хувиар өссөн байна. Ингэснээр өнгөрсөн онд “Rolex” брэндийн хуучин бугуйн цагны үнэлгээ 5.1 хувиар, “Patek Philippe” брэндийнх 6.7 хувиар унажээ.