
2022 оны 12 дугаар сард АНУ-ын инфляц дахин саарсан нь үнийн дарамт оргилдоо хүрч, тогтворжиж эхэлж байгааг илтгэлээ.
АНУ-д үнийн өсөлт саарч байгаа нь Холбооны Нөөцийн банкны хувьд бодлогын хүүг өсгөх хурдаа удаашруулахад түлхэц болохоор байна гэж шинжээчид үзэж байна.
12 дугаар сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.1 хувиар буурсан нь сүүлийн хоёр жил хагасын хугацаанд анх удаа буурсан тохиолдол боллоо. Мөн жилийн дүнгээр хэрэглээний үнэ 6.5 хувиар өссөн нь 2021 оны аравдугаар сараас хойших доод үзүүлэлт болж байна.
12 дугаар сарын үзүүлэлт болон өмнөх саруудад инфляц хүлээлтээс доогуур гарч байсан нь инфляц тогтворжиж эхэлсний дохио болж байгаа юм. Ингэснээр Холбооны Нөөцийн банк хоёрдугаар сарын нэгэнд эцэслэгдэх дараагийн хурлаараа бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөх магадлал нэмэгдэж байна.
Холбооны Нөөцийн банк хатуу мөнгөний бодлогын зах зээлд үзүүлж буй нөлөөг үнэлэх хүртлээ дахин бодлогын хүүг өсгөхөөр байгаа аж. Өөрөөр хэлбэл хүүгээ бууруулж эхлэх хүртэл илүү хугацаа, үр дүн орохоор байгааг АНУ-ын Төв банк анхааруулж байна.
Бодлого тодорхойлогчид бодлогын хүүг дунд хугацаанд өндөр түвшинд хадгалах хэрэгтэйг онцолж байна. Харин хөрөнгө оруулагчдын хувьд энэ оны эцсээр Төв банк бодлогын хүүгээ бууруулна гэж таамаглаж байгаа юм.
12 дугаар сард инфляцын үзүүлэлтээс харвал Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг өсгөх хурдаа сааруулж, нэгдүгээр сарын 31-ний хурлаараа 0.25 нэгж хувиар өсгөнө гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ. Холбооны Нөөцийн банк гуравдугаар сар гэхэд бодлогын хүүгээ таван хувьд хүргэж, он дуустал хэвээр хадгална гэж таамаглаж байгаа юм.