
Зургийг: Eduardo Soteras/AFP/Getty Images
Кени улсын Засгийн газар ирэх төсвийн жилд дижитал хөрөнгөд татвар тогтоохоор төлөвлөж байна. Тодруулбал: криптовалют шилжүүлж эсвэл арилжаалсан тохиолдолд гурван хувийн татвар ногдуулахаар тусгажээ.
Мөн төсвийг санхүүжүүлэх саналын хүрээнд дижитал контентын ашигт татвар ногдуулснаар төсвийн орлогыг 15 хувиар тэлнэ гэж тооцоолсон байна. Мөн өндөр цалинтай иргэдэд ногдуулах татварыг 30 хувиас 35 хувь болгон өсгөх санал гаргасан аж.
Кени улсын Парламент төсвийн төслийг баталбал ирэх долоодугаар сараас эхлэн албан ёсоор хэрэгжиж эхлэх юм байна.
НҮБ-ын судалгаагаар 2022 оны байдлаар Кени улсын хүн амын 8.5 хувь буюу дөрвөн сая гаруй иргэн криптовалют эзэмшиж байжээ. Энэ нь Африкийн орнууд дундаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Хэдий тийм боловч салбарын зохицуулалтын орчин тодорхойгүй байдгаас Кенийн иргэд хэр хэмжээний криптовалют эзэмшдэг талаар НҮБ нарийн тооцоолж чадаагүй байна.
Олон улсын Төв банкнуудтай харьцуулахад Кени улсын Төв банк крипто зах зээлд харьцангуй ээлтэй бодлого баримталдаг аж. 2021 онд Кенийн Төв банкны тэргүүн криптовалютыг хэрэглээнд нэвтрүүлэх нь цар тахлын дараах санхүүгийн орчны хямралыг тогтворжуулахад нөлөөтэй гэж мэдэгдэж байсан юм.